Би хэрхэн суралцдаг вэ? АШУҮИС-н АУС-н 5-р курсын оюутан Э.Даваадулам


Сайн байна уу?  Өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
Сайн сайн байна уу?  Намайг Даваадулам гэдэг.   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн АУС-ийн 522—р хэсэгт суралцдаг.

                                             

Яагаад эмч болохоор шийдсэн бэ?  Багаасаа эмч болно гэж боддог байсан уу?
Багадаа эмч болно гэж бодож байгаагүй ээ  . Ээж маань  анх эмч болохыг зөвлөсөн.  Намайг хамгийн сайн мэддэг хүн бол миний ээж. Тийм ч учраас ээжийнхээ зөвлөгөөг дагаад энэ мэргэжлээр суралцахаар шийдсэн.  Одоо  энэ шийдвэртээ талархаж явдаг.

Унших хичээл ер нь их байдаг. Хэрхэн зохицуулж уншдаг вэ?
1-р курсдээ дан ганц хичээлийнхээ номыг л уншдаг байсан. Одоо бол хичээлийнхээ номноос гадна хичээлтэйгээ холбогдолтой видеонуудыг  youtube-с үздэг.   
Эхлээд ер нь хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг.  Миний хувьд тухайн хичээлээ уншиж байхдаа надад яг ийм өвчтэй  үйлчлүүлэгч ирвэл яах вэ? гэсэн  бодолтойгоор  уншдаг.  Тухайн хичээл дээр шинэ мэдээ мэдээлэл гарвал цааш нь өөрөө сонирхож үзээд ер нь эрэл хайгуул хийж уншдаг. Заримдаа ч амждаггүй л дээ.
Гэхдээ  хичээлүүдээ   тогтмол уншихыг хичээдэг. Семестрийнхээ ачааллыг зохицуулах  гэж хичээдэг.

Унших хичээлүүдээс гадна  цээжлэх зүйлс их байдаг ш дээ.  Та ямар арга барилаар цээжилдэг вэ? 
Цээжлэх юмнуудаа орой заавал  хардаг.  Орой харчхаад унтсан хичээл өглөө нь илүү цэгцтэй, мөн амархан цээжлэгддэг. 

Хичээлээ хаана хийвэл илүү анхаарал төвлөрч сууж чаддаг вэ?
Бага курсдээ хичээлээ дандаа номын санд сууж хийдэг байсан. Одоо бол  бага курсээ бодвол хичээлийн ачаалал бага болохоор хичээлээ ихэнхдээ  гэртээ хийдэг.

Хичээл хийхэд хамгийн үр дүнтэй үлдэцтэй арга нь таны бодлоор...
 Өөрийнхөө арга барилыг олж авах хэрэгтэй. Нэг ганцаараа уншаад, дараа нь найзуудтайгаа хамтарч нэг хийгээд үзэх хэрэгтэй аль арга нь чамд илүү сайн үлдэцтэй байна вэ? гэдгээ мэдэх хэрэгтэй.  Бас аль цагт илүү үлдэцтэй хичээллэдэг зэрэг эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй гэж боддог.  
Бүх зүйлийг цээжлээд, уншсан болгоноо санана гэж байхгүй. Тийм болохоор миний хувьд  аль болох найзууддаа уншсан мэдсэнээ түгээж, тэдэнтэй ярилцдаг. Дараа нь намайг мартсан байхад найз маань санаж байх жишээний. Тийм учраас  бусдад түгээж, хамтарч хийх нь илүү ач холбогдолтой. Тийм ч учраас пэйж хуудаснууд ажиллуулдаг.
Энэ намраас би өврийн дэвтрийг илүү их ашиглах болсон. Тэр дэвтэр дээрээ маш товчхон бөгөөд хичээлийнхээ яг гол гэсэн, мартаж болохгүй зүйлсээ тэмдэглэчихдэг.  
Жишээ миний дэвтэрний эхний хуудсан дээр цусны шинжилгээний хэвийн утга, дараагийн хуудсан дээр нь биохимийн хэвийн утга гэх мэт бичсэн. Нэг харна, хоёр харна, гурав харна тэгээд ер нь цээжлэгдээд дараа нь харахад ч ойлгомжтой  байдаг болохоор их зүгээр арга шүү.
Мөн миний бас нэг хэлэх зүйл гэвэл ЗЭФ клубыхэн  маань миний хувьд их чухал нөлөө үзүүлдэг.  Нэг  зорилготой, хүмүүстэй хамтарч суралцахад таатай байдаг. Хичээлүүд болоод аливаа мэдээллүүдийг маш олон талаас нь ярилцдаг. Мөн зааж зөвлөх ах эгч нар маань байдаг.



Хичээл хийхдээ дуу хөгжим сонсдог уу?  
Манай найз хичээлээ хийхдээ дуу хөгжим сонсох нь чухал нөлөөтэй гэж боддог.
Би сүүлд подкаст сонсоод хичээлээ хийх олон аргуудыг туршиж үзсэн. Хамгийн үр дүнтэй нь хөгжим сонсох байсан.  Дуу биш , ая  сонсоод заримдаа хичээлээ хийдэг.  Клубынхээ ахаас бас  нэг  арга мэдэж авсан. Энэ нь 25 минут хийгээд 15 минут амрах гэсэн зарчимтайгаар хичээлээ хийх байсан.  Энэ арга бас их үр нөлөөтэй санагдсан.

Чөлөөт цагаараа, хичээлээс гадуур сонирхдог зүйл тань юу вэ?
Youtube-с влог, бичлэгүүд үзэх дуртай.  Уран зохиолын ном уншдаг. Гэхдээ сүүлийн үед ном уншиж амжихгүй байгаа.
Мөн хагас сайн өдөр болгон клубын маань хурал болдог. Энд бас миний хичээлийн бус цагууд өнгөрдөг. Залуу эмгэг физиологич  клубт  3-р курсдээ анх элсэж орж байсан.  Манай клубын онцлог гэвэл хагас сайн өдөр болгон хичээл заадаг. Тухайн хичээлийн сэдвийнхээ эрүүл, эмгэгийг ярьдаг. Мөн тохиолдол ажилладаг.  Тухайн сэдвээрээ клубээрээ ярилцдаг. Клубынхээ ах эгч нараас маш их зүйлийг сурдаг.  Клубыхэндээ хайртай шүү.
 “Анагаахын оюутан танд зориулъя”  пэйж мөн  иргэдэд зориулсан эрүүл  мэндийн бас пэйж хуудас хөтөлдөг. 

Хүн болгонд өөр өөрийн гэсэн үлгэр дууриалал авдаг  хүн байдаг.  Таны үлгэр дууриалал авдаг хүн хэн бэ?
Эмгэг судлалын Г. Дариймаа багшаасаа үлгэр дуурайлал авдаг. Үнэхээр мундаг хүн. Эмгэг судлалын хичээл ордог байсан. Бид нарт олон талын зөвлөгөө өгдөг. Бас оюутнууддаа маш их итгэдэг. Үргэлж урам зориг өгч, дэмждэг байсан. 

Багш нар маань бидэнд үргэлж  зөвлөгөө, эсвэл ухаарал авахаар зүйлс ярьж өгдөг. Таны хувьд  хамгийн сэтгэлд хоногшсон багшийн яриа, зөвлөгөөгөө бидэнтэй хуваалцана уу?
Хамгийн түрүүнд Г.Дариймаа багшийн хэлсэн  хамгийн түрүүнд хүн аливаа юмыг хийе гэсэн чин сэтгэлийн эрмэлзэлтэй байх, хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зүрхээ бүрэн зориулдаг байх хэрэгтэй гэж хэлж байсан.  Багшийнхаа энэ зөвлөгөөг үргэлж санаж явдаг.

Заа урилгыг маань хүлээн авч хичээл хийх арга барилаасаа хуваалцсанд баярлалаа
Баярлалаа



Ярилцсан: Э.Сувдаа 

Comments